АНУ-ын Блүүмберг Медиа группийг 2013 оноос хойш удирдаж буй гүйцэтгэх захирал Жастин Смит компаниа орхиж, мэдээллийн салбарын гарааны компани байгуулахаар болжээ.
Смит орон нутгийн цагаар 4-ний өдөр өөрийн Твиттер хуудаснаа “Блүүмберг Медиа группт 8 жил ажилласны эцэст өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шийдлээ” хэмээн жиргэжээ. “Project Coda” нэртэй энэхүү стартапын ерөнхий редактороор BuzzFeed-ийн ерөнхий редактор асан, Нью Йорк Таймс сонины тоймч асан Бен Смит ажиллах аж.
Энэхүү гарааны бизнес нь дижитал хэвлэл, цахим шуудангийн мэдээллийн хуудас, подкаст, дижитал видео зэрэг олон төрлийн платформуудыг үүсгэхээр зорьж байгаа гэнэ. Дижитал захиалга, зар сурталчилгаа болон захиалгат арга хэмжээг орлогын гол эх үүсвэрээ болгохоор төлөвлөж буй гэв.
Жастин Смит шинэ компанидаа их хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа талаар Атлантик Медиа группийн захирал Дэвид Брэдли Уолл Стрит Журнал сонинд ярьснаар барахгүй өөрөө ч хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч “Брэдлиг тус стартапд хөрөнгө оруулах хамгийн өндөр магадлалтай” гэж онцолсоор байгаа юм.
Жастин Смит нь Блүүмберг Медиа группийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Атлантик Медиа группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд компанийн гол концепцыг цахим хэлбэр рүү шилжүүлэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн юм. Үүний зэрэгцээ Блүүмберг Медиа группийн шинэ гүйцэтгэх захирлаар одоогийн өсөлт хариуцсан захирал Скотт Хейвенс дэвшин ажиллах аж. Жастин Смитийн хувьд одоогоор тус групптээ зөвлөхөөр ажиллах гэнэ.